support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Др. Л. Мөнх-Эрдэнэ

Их сургуулийн засаглалын хямрал
Монголын “төрийн өмчийн” хэмээх их сургуулиудын өмнө ялсан нам, албан тушаалтны хуваалцдаг “бялууны хэсэг” болж хувираад байгаа одоогийн байдалтайгаа эвлэрэх үү, эсвэл улс төрөөс жийрэглэгдсэн, өөрийн асуудлаа түүний дотор, жишээлбэл, удирдлага, санхүүжилт, сургалтын төлбөрөө өөрөө мэдэн шийдвэрлэх чадвартай бие даасан засаглалтай болох уу гэдэг асуудал тулгараад багагүй хугацаа өнгөрч байна.

Миний бие энэ асуудлаар бодлогын судлагаа хийж “Төрийн өмчийн их сургуулийн удирдлагын шинэчлэл: Олон нийтийн статус, Хамтын удирдлага” гэсэн зөвлөмжийг 2008 онд хэвлүүлсэн билээ. Судалгааны явцад сонирхогч талууд их сургуулийн бие даасан байдлыг хангах зайлшгүй шаардлагатайг онцолж, 1) тусгай хууль тогтоомжоор төрийн өмчийн их сургуулиудад нийтийн статус олгох, 2) их сургуулийн удирдлагыг багш нар мэдэлдээ авах, 3) менежментийн хувьчлалаар менежментийн багт шилжүүлэх зэрэг замаар их сургуулийн бие даасан байдлыг хангах хубилбаруудыг санал болгож байв. Миний бие зөвлөмжиндөө менежментийн хувьчлал боломжгүйг тэмдэглэхийн хамт, их сургуулийн удирдлагыг бүхэлд нь багш нарын мэдэлд өгөх нь эрдмийн хамт олныг улс төржүүлдэг төдийгүй, шинэтгэх үзэл санаатай, чадварлаг эрдэмтдээс багш нарын олонх нь болгоомжилж, өөрсдийнх нь эрх ашгийг хөнддөггүй аядуу, сул, дорой удирдлагыг сонгодог болохыг цохон анхааруулаад, харин холбогдох хууль тогтоомжинд зохих өөрчлөлтийг оруулж их сургуулийн удирдах зөвлөлийг нийтийн болгох замаар их сургуулиудыг нийтийн статустай болгох саналыг дэвшүүлсэн билээ.

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд МУИС-ийн багш нарын тодорхой хэсгийн баримталж байсан их сургуулийг бүхэлд нь багш нар мэдэх ёстой гэсэн байр суурь МУИС-ийн захиралыг томилохтой холбогдсон удаа дараагийн бүтэлгүй оролдлогуудын улмаас МУИС-д ихээхэн газар авсан байна. Ингэснээр МУИС-д аливаа асуудлыг ардчилал, олонхийн саналаар шийдвэрлэх хандлага давамгайлах болж, МУИС-ийн шат шатны удирдлага буюу салбар сургуулийн захирал, декан, тэнхимийн эрхлэгчдийг холбогдох хамт олных нь санал хураалтаар буюу сонгуулиар “томилдог” болсон аж. Ингэхдээ багш нар өөрсдөө өөрсдийнхөө нэрсийг илээр дэвшүүлэн өрсөлдөж, хамт олны санал хураалт зохион байгуулж, олонхийн саналаар шийддэг болжээ. Энэ бүх өрсөлдөөнт сонгуулийн улмаас МУИС-д албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцдаж, эрдмийн хамт олон нь улс төржсөн, дайсагналцсан, туйлширсан, хэсэг бүлгүүдэд хуваагдахад хүрсэн байна.
Гэтэл их сургуулийн бие даасан байдлыг хангах, түүнд нийтийн статус олгох чиглэлд ямар нэг мэдэгдэхүйц өөрчлөлт хийгдсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүд, сайд нарыг их сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахгүй байхаар шийдсэн хийгээд, Боловсролын яамны тунхаглаж буй бодлого болон Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлхээр зэхэж буй Дээд Боловсролыг Хөгжүүлэх Төсөл зэргээс харвал улс төрийн хүрээнийхэн их сургуулийг улс төрөөс хараат бус болгох бодлогыг баримталж буй мэт.

Гэвч их сургуулийн захирлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд томилдог тогтолцоо нь их сургуулийн засаглалыг улс төрд шууд уяж өгсөн хэвээр байгаа юм. Улмаар их сургуулийн захиралыг томилохдоо хэрэглэж буй сонгон шалгаруулалт нь хүмүүс мөрийн хөтөлбөрөө боловсруулан өөрөө өөрсдийгөө дэвшүүлэн өрсөлдөхөөр зохицуулагдсан төдийгүй горилогчдын нэрсийг нийтэд илчилдэг зэрэг нь дахиад л албан тушаалын төлөө өрсөлдөөн, тэмцэлдээн, талцалд уриалан дуудаж, түлхэж байгаа төдийгүй, өрсөлдөөнд ялагдагсад нь нэр хүнд, ёс суртахууны хохирол хүлээхүйц байдалд орохоор байгаа юм. Түүнчлэн их сургуулийн захирал нь тодорхой мэргэжлийн, эсвэл техникийн чадвар шаарддаг ажил биш харин олон талтай, тун цогц байгууллагыг залах лидершип, тэр тусмаа шилдэг эрдэмтдийг эгнээндээ багтаасан эрдмийн хамт олныг хөтлөн удирдах лидершип учир тодорхой мэргэжлийн ажил хийлгэх мэргэжилтнийг шалгаруулан авах процедурийг хэрэглэж байгаа нь тийм ч оновчтой бус арга юм.

Тиймээс их сургуулийн засаглалын асуудал нь үнэн хэрэгтээ багш нараа захирал, декан, тэнхимийн эрхлэгч болон бусад албан тушаалын төлөө өөрийн нэрээ өөрөө дэвшүүлэн өрсөлдөн тэмцэлдүүлэхэд түлхдэг, тэгснээрээ эрдмийн хамт олноо талцуулан тэмцэлдүүлэхэд хүргэдэг, санал авахын тулд “хор найруулахад” хүргэдэг, ялахын тулд их сургуулийн ханыг давж улс төрийн нам, хүчин, албан тушаалтны ивээл дэмжлэгийг хайн “сүлбэлдэж” ингэснээрээ их сургууль руу намын улс төрийг татан оруулж, их сургуулийг улс төрөөс улам бүр хараат болгоход түлхдэг, улмаар ялагч нь өрсөлдөгчтэйгөө “улс төрийн тооцоо бодож хавчин гадуурхахад” хүргэдэг тогтолцоотой байх уу, үгүй юу гэдэг асуудал болж хувираад байна.
Чухам ийм учраас эл эрүүл бус байдлыг яаралтай залруулж нэг талаас улс төрөөс хараат бус, бие даасан, өөрийн хэргээ өөрөө бие даан шийдвэрлэх чадвартай их сургуулийг байгуулахуйц, нөгөө талаас эрдэм, мэдлэг, чадвар, туршлага засагласан орчин, эрдмийн хамт олныг төлөвшүүлэхүйц засаглалын тогтолцоог урлах хэрэгтэй байгаа юм.

Шилдэг туршлага: Корпорэт болон меритийн засаглал
Тийм засаглалыг хэрхэн байгуулах вэ? Өөрөө хэлбэл хэрхэн их сургуулийн бие даасан байдлыг хангаж улс төрөөс хараат бус болгох вэ? Хэрхэн их сургуулийн доторх улс төржилтийг намжаах вэ? Эл асуудлуудыг шийдэхэд та бидэнд их сургуулийн засаглалын эдүгээ оршин байгаа хамгийн шилдэг загвар болох Америкийн их сургуулиудын засаглалын систем үлгэр болно гэдэгт итгэлтэй байна.
Америкийн их сургуулиудын засаглалын систем нь нэг талаас корпорэт засаглал, нөгөө талаас академик меритийн засаглал хоёрын хослол байдаг. Их сургууль нь корпорацийн хувьд корпорэт засаглал, сургалт-эрдэм шинжилгээний мэргэжлийн байгууллагын хувьд меритийн засаглалтай бөгөөд харин энэ хоёр ертөнцийн уулзвар болох их сургуулийн захиргаа (захирал, декан, тэнхимийн эрхлэгч гэсэн шатлал) нь корпорэт болон меритийн зарчимын нэгдэл байдаг.

Тиймээс захирал, декан, тэнхимийн эрхлэгчдийг дээд шатны субьект нь томилдог, хариуцлага тооцдог. Гэхдээ тэд нар нь нэр хүндтэй эрдэмтдийг багтаасан эрдмийн хамт олныг удирдах, манлайлах ёстой учир өөрсдөө ч мөн эрдмийн хамт олондоо, нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц эрдэмтэд байх ёстой байдаг.

Америкийн их сургуулиудын засаглалын оргилд корпорацийн биелэл болох корпорэт зөвлөл (Board) байх бөгөөд нийтийн (public буюу манайхаар “төрийн өмчийн” гэгч) их сургуулиудыг итгэмжлэгдэгчдийн зөвлөл (Board of Trustees, Board of Regents, Board of Directors) удирддаг. Нийтийн их сургуулиудыг тухайн муж улсын ард түмний нийтийн өмч гэж үздэг бөгөөд их сургуулийн үндсэн үйл ажиллагаа болох шинэ мэдлэг бүтээх, түгээх үйл ажиллагаа нь эрдмийн эрх чөлөөг шаарддаг төдийгүй их сургууль нийгмийн аль нэг хэсэг бүлэг, ялангуяа улс төрийн нам, хүчний нөлөөнд автвал тухайн хүчний үзэл суртлын индэр, “улаан булан” болж хувирах осолтой байдаг учир их сургуулийг төрөөс, улс төрөөс жийрэглэж, харьцангуй бие даасан итгэмжлэгдэгчдийн хэмээх корпорэт зөвлөлөөр удирдуулдаг юм. Тиймээс итгэмжлэгдэгчдийн зөвлөл нь нэг талаас нийтийн засаглалын институци, нөгөө талаас их сургуулийн бие даасан засаглалын институци, бие даасан байдлын биелэл юм. Зөвлөл нь их сургуулийг нийтийн хөрөнгийнх нь хувьд харж хамгаалахын (fiduciary duty) дээр их сургуулийн захиралыг томилож, хариуцлага тооцох замаар их сургуулийг удирддаг. Энд онцлон тэмдэглэхэд аливаа байгууллагын корпорэт зөвлөл тухайн байгууллагынхаа гүйцэтгэх захиралыг томилох, хариуцлага тооцох эрх мэдэлтэй байж л засаглалын, эсвэл удирдлагын институци байх бөгөөд Удирдах зөвлөл нь энэ эрх мэдлээ хараат бусаар бие даан хэрэгжүүлэх чадвартай байх ёстой.

Нийтийн итгэмжлэгдэгчдийн зөвлөлийг хэрхэн байгуулж болохыг бид Америкийн нийтийн их сургуулийн засаглалын хамгийн шилдэг систем болох Калифорнийн их сургуулийн итгэмжлэгдэгчдийн зөвлөлийн жишээнээс харж болно. Калифорнийн их сургуулийн итгэмжлэгдэгчдийн зөвлөлийг (Board of Regents буюу Захирагчдын зөвлөл гэдэг) байгуулахдаа түүний бие даасан байдлыг муж улсынхаа үндсэн хуулиараа хуульчилж, гишүүдийг нь томилохдоо улс төрөөс хараат бус байж нийтийн буюу нийт ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг нь хангах тал дээр тун их анхаарал тавьж маш нарийн зохицуулалттайгаар хуульчилсан байдаг.

Калифорнийн их сургуулийн Захирагчдын зөвлөл нь 26 гишүүнтэй бөгөөд түүний 18 нь тус бүр 12 жилийн хугацаатайгаар томилогддог Калифорни мужийн нэр хүнд, нөлөө бүхий иргэд байдаг бөгөөд чухам тэд Захирагчдын зөвлөлийн гол цөм болдог. Эдгээр 18 гишүүнийг мужийн захирагч муж улсын сенатын олонхийн дэмжлэгтэйгээр томилдог юм. Мужийн захирагч томилох хүнээ тодруулахын тулд тусгайлан байгуулсан Зөвлөлдөх зөвлөлтэй (Advisory Board) зөвөлдөг бөгөөд уг зөвлөл нь муж улсын хууль тогтоох хурлын спикер, спикерийн томилсон 2 иргэн, муж улсын сенатын орлогч тэргүүн, сенатын дүрмийн хорооноос томилсон 2 иргэн, Калифорнийн их сургуулийн Захирагчдын зөвлөлийн дарга, төгсөгчдийн холбооноос сонгосон нэг төгсөгч, оюутны холбооноос сонгосон нэг оюутан, багш нарын сенатаас сонгосон нэг багш нийт 10 гишүүнээс бүрэлддэг аж. Мужийн захирагч Зөвлөлдөх зөвлөлтэйгөө зөвлөж томилох хүнээ тодруулж, түүний нэрийг муж улсын сенатад өргөн барьж, хэлэлцүүлэн сенатын гишүүдийн олонхийн дэмжлэг авсан эрхэмийг томилдог байна.

Эдгээр 18 гишүүнийг улс төрийн болон элдэв бүлэглэлийн нөлөөнд оруулахгүйн тулд аливаа нөлөөнд автах магадлал тун багатай институци болох мужийн захирагч, мужийн сенатын гишүүдийн олонхийн саналаар томилдог байна. Улмаар тэднийг томилсон мужийн захирагчаасаа хараат бусаар үүргээ биелүүлэх боломжоор хангахын тулд 12 жилийн хугацаагаар томилдог байна. Калифорнийн захирагчийн бүрэн эрхийн хугацаа хамгийн дээд тал нь 8 жил (4 жилээр 2 удаа) тул 12 жилийн хугацаагаар томилогдсон итгэмжлэгдэгчдэд томилсон захирагч нь нөлөөлөх боломж багатай байх нь ойлгомжтой юм. Нөгөө талаар итгэмжлэгдэгчээр бусдын нөлөөнд хялбар автахааргүй, том корпораци, байгууллага удирдаж ирсэн туршлагатай, их сургууль, дээд боловсролын ач холбогдолыг ойлгодог, дэмждэг, нэр нөлөөтэй, хөрөнгө чинээтэй эрхэмүүдийг томилдог бөгөөд эдүгээ Шерри Лансинг, Ричард Блум, Рассел Гүүд, Жорж Киеффэр нарын зэрэг томоохон коропораци, банк, санхүү, хуулийн пүүс, эмнэлэгийн захирал, боловсролын зүтгэлтэн 18 нэр нөлөөтэй эрхэм Калифорнийн их сургуулийн Захирагчдын зөвлөлийг бүрдүүлж байна. Мөн Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалахын тулд гишүүдийн хугацаа өөр өөр жилд дуусахаар зохицуулагдсан байдаг.

Зөвлөлийн үлдсэн 7 гишүүн нь албан тушаалын (ex officio) гишүүд бөгөөд мужийн захирагч, дэд захирагч, хууль тогтоох хурлын спикер, муж улсын боловсролын эрхлэгч, Калифорнийн их сургуулийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, их сургуулийн захирал нар ордог байна. Мөн Захирагчдын зөвлөл нь нэгэн оюутныг 1 жилийн хугацаатайгаар гишүүнээр томилдог аж.

Улмаар Захирагчдын зөвлөл нь их сургуулийнхаа захиралыг томилохдоо тусгай эрэл хайгуулын хороо (search committee) байгуулж хамгийн шилдэг лидерийг олохын тулд мэдэгдэхүйц цаг хугацаа, хүч зарж өргөн хүрээтэй нухацтай эрэл хайгуул зохион байгуулдаг. Зарим тохиолдолд гүйцэтгэх захирал олж хайх талаар мэргэшсэн тусгай пүүсүүдийг хөлслөн хайгуулын хороондоо туслуулах явдал ч байдаг. Хайгуулын хороо нь түр хороо бөгөөд ихэвчлэн тухайн сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүд, шилдэг эрдэмтэд, оюутны төлөөллөөс бүрэлддэг. Хороо ирээдүйн захиралыг эрж хайх үйл ажиллагаанд их сургуулийнхаа багш, оюутнууд, болон олон нийтийг идэвхтэй оролцож чадвартай эрдэмтдийн нэрсийг сургуулийн захиралд дэвшүүлэхийг уриалдаг жишиг ч бий.
Их сургуулийг удирдах гэдэг нь олон тэрбум долларын төсөвтэй, хэд хэдэн мянган ажиллагсадтай, маш цогц аврага корпорацийг залах төдийгүй, шилдэг эрдэмтэд судлаачдыг сургалт, эрдэм шинжилгээний нарийн төвөгтэй, ярвигтай хэрэгт манлайлан хошуучлах хэрэг билээ. Тиймээс их сургуулийн захиралыг тодруулах үйл ажиллагаа нь шилдэг эрдэмтдийн дундаас удирдан зохион байгуулах, манлайлан хошуучлах авьяас, чадвартай, туршлагатай, алсын хараатай удирдагчийг илрүүлэх хэрэг болдог.
Хайгуулын хороо нухацтай хайж, шүүсний эцэст ихэвчлэн гурван эрдэмтнийг шилж тэдний нэрсийг Удирдах зөвлөлд санал болгодог. Ингэснээр хайгуулын хорооны бүрэн эрх дуусгавар болох ба Удирдах зөвлөл дэвшүүлсэн эрдэмтдийг хэлэлцээд, эрэмблээд хамгийн шилдэг сонголтондоо захирлын албан тушаалыг санал болгодог байна. Хэрвээ тухайн эрдэмтэн саналыг хүлээж авбал сая захирал хэн болохыг нийтэд зарладаг ажээ. Энэ хүртэл бүх үйл явц зөвхөн итгэмжлэгдсэн хүрээнд л явагддаг буюу нууц байдаг.

Гажуудал, түүнийг засах арга зам

Харамсалтай нь манай тогтолцоо тун гажуудалтай байгаа юм. Манайд их сургуулийн удирдах зөвлөлийг 1) өөр өөр талуудын төлөөллийн байгууллага гэж ойлгодог, 2) их сургуулийг Монголын ард түмний нийтийн өмч гэхээсээ төрийн өмч гэж үздэг, 3) улмаар Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийг үүсгэн байгуулагчийн төлөөлөл хэмээн улс төрийн болон төрийн албан хаагчдаар бүрдүүлдэг нь Удирдах зөвлөлийн үндсэн мөн чанарыг бүрмөсөн алдагдуулаад байгаа юм. Чухам эдгээр төөрөгдөл, гажуудалын улмаас Монголын “төрийн өмчийн” хэмээх их сургуулиудын Удирдах зөвлөл нь их сургуулийн өөрийн бие даасан засаглалын институци огтхон ч биш харин төрийн, улс төрийн зүгээс их сургуулийг дарангуйлах “нудрага” болж хувираад байгаа юм. Боловсролын тухай хуулийн 2002 оны нэмэлт өөрчлөлт боловсролын асуудал эрхэлсэн сайдад их сургуулийн захирлыг томилох эрх мэдлийг шилжүүлснээр Удирдах зөвлөлийг үндсэн утгаар нь үгүйсгэсэн төдийгүй их сургуулийн захирал нь улс төрийн утсан хүүхэлдэй болж, их сургуулийн удирдлага улс төрөөс шууд хараат болсон юм.

Аливаа Удирдах зөвлөл өөр өөр талуудын (үүсгэн байгуулагч, багш нар, оюутнууд, төгсөгчид гэх мэт) төлөөллийн байгууллага огт биш. Хэрвээ Удирдах зөвлөл өөр өөр талуудын төлөөллөөс бүрэлдвэл тэр нь их сургуулийн өөрөөр хэлбэл корпорацийн өөрийнх нь удирдлагын байгууллага бус харин өөр өөр эрх ашгийг төлөөлсөн, тэмцэлдсэн улс төрийн шинжтэй байгууллага болж хувирдаг. Ийм зөвлөл байгууллагынхаа эрх ашигт нийцсэн шийдлийг гэхээсээ илүү улс төрийн хувьд боломжтой шийдлийг л гаргах болно. Тиймээс Удирдах зөвлөл зөвхөн нэг талыг төлөөлөх ёстой бөгөөд тэр нь Монголын ард түмэн бөгөөд тэдний тусын тулд их сургуулийг үр дүнтэйгээр удирдах нь зөвлөлийн үүрэг.

Төрийн өмчийн хэмээх бүх их сургуулиуд нь уг нь Монголын ард түмний хөрөнгө, хүчээр боссон, тэдний нийтийн өмч (public property), тиймээс тэдгээр сургуулиудыг төр бус харин Монголын ард түмэн нийтээрээ өмчилж өөрсдийн итгэмжлэгдэгчдээр дамжуулан удирдах ёстой юм. Тиймээс эдгээр гажуудлыг залруулж Удирдах зөвлөлийг олон талуудын төлөөллийн байгууллага, төрийн агент, нудрага бус харин Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн өмнөөс тэдний өмч хөрөнгийг харан хамгаалж, захирдаг нийтийн итгэмжлэгдэгчдийн зөвлөл, их сургуулийн өөрийн бие даасан засаглалын институци болгож, их сургуулийн захирлыг томилох, огцруулах үндсэн эрх мэдлийг нь түүнд олгох хэрэгтэй байгаа юм.
Тиймээс Калифорнийн туршлагаас үлгэрлэн МУИС зэрэг их сургуулиудын удирдах зөвлөлийг элдэв нөлөөнд амар автахааргүй бүтэц тухайлбал Монгол улсын ерөнхийлөгч УИХ-ын дэмжлэгэтэйгээр 8-аас дээш жилийн хугацаатайгаар томилон байгуулж, их сургуулийн захиралыг томилох эрхийг олговол Удирдах зөвлөл нь нийтийн засаглалын төдийгүй, их сургуулийн бие даасан засаглалын институци, бие даасан байдлын биелэл болох юм. Удирдах зөвлөлийг томоохон байгууллага, корпораци удирдах туршлагатай нэр хүндтэй эрхэмүүд болон хууль, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын зүтгэлтэнүүдээр бүрдүүлэх хэрэгтэй.

Улмаар их сургуулийнзахиралыг томилох хийгээд захиргааг байгуулахдаа корпорэт бол меритийн засаглалын зарчимыг чанд баримтлаж Удирдах зөвлөл нь их сургуулийн захиралыг, захирал нь дэд захирал болон декануудыг, деканууд нь тэнхимийн эрхлэгчдийг томилдог шатласан засаглалын тогтолцоог тууштай нэвтрүүлэх хэрэгтэй. Тиймээс эдүгээ МУИС дээр түгээмэл хэрэглэгдэж буй өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлэх, хамт олны саналыг хураах, сонгууль явуулах явдлыг бүрмөсөн халах ёстой. Түүнчлэн их сургуулийн захиралыг томилохдоо хэрэглэж буй сонгон шалгаруулалт хэмээх үйл ажиллагааг эрс өөрчилж зөвхөн өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлдэг процедураас аль болох зайлсхийхийн дээр захиралд томилогдож болзошгүйгээр яригдаж буй эрдэмтдийн нэрсийг нийтэд илчилдэг зохисгүй явдлыг болих хэрэгтэй. Захиралд яригдаж буй эрдэмтэдтэй холбоотой мэдээ, мэдээлэл, болон шилэн шалгаруулах үйл ажиллагаа нь уг үйл ажиллагааг зохион байгуулахаар итгэмжлэгдсэн хүмүүсийн хүрээнээс гадагш хэзээ ч халих ёсгүй юм. Харин Удирдах зөвлөл нь захиралыг, захирал нь дэд захиралууд, болон декануудыг, декан нь тэнхимийн эрхлэгчдийг томилохдоо Хайгуулын болон Зөвлөлдөх зөвлөл байгуулах замаар шилдэг багш, эрдэмтэдийн оролцоо, зөвлөгөөг хангасан байх хэрэгтэй. Чухам ингэж байж л бид их сургуулийг улс төрөөс ангижруулж чадах төдийгүй их сургууль шиг сургуультай болох үндэсийг тавих юм.

Leave a Reply