support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

 Доктор Рэгсүрэнгийн Бат-Эрдэнэ

Өнөөдөр манай орны их сургууль, шинжлэх ухаан технологийн салбарын хөгжлийн талаар өрнөж буй өргөн хэлэлцүүлэгтэй холбогдуулан АХБ-ны техникийн туслалцаатай хэрэгжиж байгаа “Судалгааны их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах төсөл”-ийн багийн дэд ахлагчаар ажиллаж буй Р.Бат-Эрдэнэ дараах захидлыг УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээжээ. Тэрбээр их сургуулийн хөгжлийн асуудлаар төр, засгийн түвшинд хууль эрхзүйн шинэчлэл, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулах, их сургуулийн болон шинжлэх ухаан, технологийн хотхон байгуулах зэрэг олон чиглэлийн үйл ажиллагаа хэрэгжиж байгаа нөхцөлд нэгдмэл ойлголт, байр суурьт хүрэх үүднээс анхаарал хандуулах шаардлагатай гэсэн асуудлыг хөндөж саналаа дараах захидалд илэрхийлсэн байна.

Сайн байна уу?
Миний бие судалгааны их сургуулийн төлөвлөлт хийх төсөл дээр ажиллаж байгааг Та мэдэж байгаа буйзаа. Энэ ажилд маань шууд холбоотой олон үйл явдал өрнөж буйн нэг нь Таны зөвлөх проф Бадарчийн удирдсан багийн боловсруулсан төрийн өмчийн 8 их сургуулийг нэгтгэх санал юм байна. Энэ санал ямар шийдвэр болж гарах нь бидний хийх ажлын чиг, агуулгыг зааж тодруулахын гадна ерөөс Монгол Улсад судалгааны их сургууль хэрхэн хөгжих, улс орны маань уураг тархи болсон шинжлэх ухаан, дээд боловсролын систем цаашид ямар чиг баримжаагаар замнахыг тодорхойлох маш чухал өргөн үр дагавартай алхам болох юм байна.

Проф Бадарч энэхүү төслийнхөө талаар надад өмнө нь найз нөхрийн хувиар дэлгэрэнгүй танилцуулсан, мөн төслийг хэлэлцэх хэд хэдэн арга хэмжээнд байлцах боломж тохиосон, Шинжлэх ухааны ажилтны их хурал зэрэг томоохон хурал зөвлөгөөнд сайд дарга нарын тавьсан илтгэл, хэлэлцүүлгийн явцад оролцогчдын илэрхийлсэн байр суурийг өөрийн ойлгож буй хэмжээнд нэгтгэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны бидэнтэй ажиллаж буй ажлын хэсэг, боловсролын мастер төлөвлөгөө, боловсролын хуулийн шинэчилсэн төслийг боловсруулж буй ажлын хэсгийн хамтарсан уулзалтанд хийсэн танилцуулгыг хавсарган хүргүүлж байна. Энэ нь мөн бидний ажиллаж буй төслийн хүрээнд хийсэн хэлэлцүүлэг, гадаадын зөвлөхүүдтэй харилцаж ойлголцсон байр суурийн илэрхийлэл юм. Энэ бүхнийг тоочихын учир нь ийм том цар хүрээтэй бөгөөд монголчууд бидний ирээдүйг тодорхойлоход дэндүү их ач холбогдолтой асуудлаар оролцогч бүх талууд байр суурь, ойлголтоо нэгтгэж, хүчин чармайлтаа хамтатган ажиллах сууриа баттай тавих шаардлагатай гэж үзэж буйнх юм.

Иймд энэ асуудалтай ямар нэг хэмжээгээр холбоотой ажиллаж, өөрийн хэр чинээгээр таньж мэдэхийг хичээн суралцаж ирсэний хувьд дараах асуудлаар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ойлголцол нэн чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэхийг хүсч энэхүү захидлыг бичиж байна. Үүнд:

Нэгэн зүйл. Бид шинжлэх ухаан, дээд боловсролыг жам ёсны хөгжлөөр нь явуулж, потенциалыг нь бүрэн дүүрэн ашиглая хэмээвээс нэн түрүүнд эрдмийн эрх чөлөө (academic freedom), байгууллагын бие даасан байдал (institutional autonomy) хэмээх ойлголтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд тодорхой нөхцөл бүрдэхийг хүлээх, одоогоор бэлэн бус гэж ойлгох нь буруу юм. Учир нь тийм нөхцөл бүрдэхийг хүлээх боломжгүй, хэрэв бүрдүүлэхийг хичээвэл харин ч тодорхой ашиг сонирхол, хэсэг бүлгийн хэмжээнд л зөвшилцсөн өрөөсгөл үзэл баримтлалыг тулгахад хүрнэ. Үүнийг дэлхийн тэргүүлэх их сургуулиудад эрдэм боловсрол эзэмшсэн, үнэнииг хайсан хараат бус, чөлөөт эрэл хайгуул (free inquiry) л жинхэнэ үнэ цэнэтэй мэдлэг бүтээж, түгээдгийг сайн мэдэх олон хүн эрх барих дээд түвшинд ажиллаж байгаа тул ойлголцоход нэн дөхөм цаг үед бид амьдарч байна. Иймд их сургуулийн автономийг бүрэн утгаар нь хуульчлан баталгаажуулах, шинжлэх ухааны удирдлагыг захиргааны шинжтэй практикаас нь чөлөөлж жинхэнэ утгаараа эрдэмтдийн нийгэмлэг (learned society), монголын нийгмийг оюун санааны хувьд хөтлөн дагуулах институц болгохоор одоо хэлэлцэж буй хуулиудад тусгавал зохилтой. Товчоор бол, төр-их сургуулийн харилцааны хэм хэмжээг шинэчлэн тодорхойлно гэсэн үг. Шинжлэх ухааны ажилтны их хурлын зөвлөмжид УИХ-д хандан ” 2. Монгол улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ирээдүйн зураглал (foresight) болон таамаглал (forecasting)-ын судалгааг тогтмол гүйцэтгэдэг, тэргүүлэх чиглэлийг тодорхойлдог байнгын бүтцийг бий болгож хараат бус ажиллах нөхцөлийг хуульчлах” хэмээн санал болгосон нь чухамдаа ШУА-ийг үндсэн чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг шаардсан санал гэж уншигдаж байна. Мөн зөвлөмжид Засгийн газарт хандан ” Засгийн газрын бүтцэд шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан тохируулагч агентлагтай болох” гэсэн санал дэвшүүлсэн нь одоо байгаа Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, Шинжлэх ухаан, технологийн сангийн үүрэг ролийг шинэчлэх, агентлаг хэлбэрээр хөгжлийг санхүүжүүлэгч байгууллага болгох замаар хэрэгжих бүрэн боломжтой. Ер нь засгийн газрын тусгай сангуудыг одоогоор төсвийн хөрөнгийг хуваарилж байгаа идэвхигүй кассын үүргээс нь өөрчилж хөгжлийн санхүүжүүлэгч болгох концепцоор харах хэрэгтэй байгаа юм.

Нэгэн зүйл. Бид дээд боловсролын талаар ярихдаа голчлон төлбөрийг чөлөөлж асуудлыг шийдэж болох мэтээр ихээхэн ярьцгааж байна. Төрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийн хэмжээг төрийн төлөөлөл давамгайлсан Удирдах зөвлөл нь хязгаарлан тогтоож ирсэн нь үнэн боловч зөвхөн энэ нь асуудлын шийдэл хараахан биш юм. Бид эхлээд дээд боловсролын үр шимийг хэн хүртдэгийг ойлголцон тогтож, үүндээ үндэслэн үр шимийг хүртэгч талууд холбогдох зардлыг хуваалцан төлөх зарчмыг тогтох учиртай. Өнөөдөр дэлхийн аль ч улс оронд дээд боловсролд төрөөс санхүүжилт хийдэг, хувийн сургуулиудад хүртэл татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжилт өгдөг нь дээд боловсрол бол нийтийн баялгийг бүтээдэг (public good) гэсэн энгийн үнэнээс үүдэлтэй. Харвард зэрэг хувийн их сургуулиуд ч төсвөөс шууд биш боловч түүнд хандивласан хөрөнгийг татвараас чөлөөлүүлж дэмжлэг авдгийн үр дүнд өнөөдөр 40 орчим тэрбум ам долларын хандивын endowment бүрдүүлж, дэлхийгээс шилж сонгосон авъяастнуудад тэтгэлэг өгч суралцуулж ажиллуулж байна. Үнэндээ Харвардын нэрлэн зарласан сургалтын төлбөрийн хэмжээ 45,000 ам доллар боловч нэг оюутандаа дунджаар олгож буй санхүүгийн дэмжлэг нь 32,000 ам доллар даваад байдгийн учир нь энэ юм. Гэтэл бид сургалтын төлбөрийг 10,000 ам доллар болгоод дэлхийн түвшний их сургуультай болж болох мэтээр цэцэрхцгээсээр байна. Энд сургалтын төлбөрийн мөн чанар, их сургуулийг олон улсын түвшинд гаргахад нэн түрүүнд шаардлагатай шийдлийн талаар зөв ойлголт маш чухал байна. Тэгээд ч АНУ болон өрнөдийн нэр хүндтэй сургуулиудад засгийн газрынх нь болон чухамхүү public good гэсэн үндэслэлээр татвараас чөлөөлөгдсөн эх үүсвэрээс дэмжлэг тусламж авч боловсрол эзэмшсэн хэрнээ өөрийн орны их сургуулиудад төсвийн санхүүжилт байх ёсгүй гэж шийдвэр гаргадаг хууль тогтоогчид байгаа нь тун ч харамсалтай.

Нэгэн зүйл. Асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, боловсролд хамаатай үйл ажиллагаа явуулахыг эрмэлзсэн хувь санаачлагчдын баг, улсынхаа тэргүүлэх их сургуульд богино боловч хугацаанд ажиллах явцад өөрийн хэмжээнд ойлгож ухаарсан нэгэн зүйл бол бидний өнөөг хүртэл гаргаж ирсэн олон шийдвэр их сургуулийг боловсролын бусад байгууллагын нэгэн адил улс төржсөн байгууллага болгосон байна. Өнөөдөр эрх барьж буй улс төрийн хүчинтэй ямар нэг байдлаар холбоотой хүмүүс ахиж дэвжшиж, албан тушаал хашиж байгааг бүгд харж мэдэж байна. Сургууль дотор ч тэнхмийн эрхлэгчээс эхлэн санал хураалтаар асуудлыг шийдэж ирсэн нь ийнхүү санал цуглуулахад мэргэшсэн хүмүүс л ахиж дэвшдэг болгосон байна. Иймд ялангуяа эрдмийн ертөнцөд мерит зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, баталгаажуулахгүй бол бид жинхэнэ их сургууль, судалгааны байгууллага, шинжлэх ухаанч үр дүн гаргаж авна гэх боломжгүй юм. Шинжлэх ухааны ертөнцөд ч хуурамчаар албан тушаал ахиж, академич хүртэл цол хэргэм хүртсэн тухай гомдол маргаан бол бид цаашид шинжлэх ухаандаа итгэж болох эсэхтэй холбогдох ноцтой үйл явдал байна. Дүгнэж үзвээс, их сургуулийг жинхэнэ судалгааны их сургууль болгох үндсэн нөхцөл нь мөнгө хөрөнгөнөөс илүүтэйгээр эрдмийн мерит ноёлсон, өөртөө засагласан, хараат бус эрдмийн байгууллага болгох эрхзүйн зохицуулалттай шууд хамааралтай.

Нэгэн зүйл. Төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэх саналын хувьд Проф Бадарчийн илтгэлээс өмнө 2010 онд захиргааны шийдвэрээр хийсэн нэгтгэлээс өөрөөр хандаж, органик нэгдэлд чиглэсэн шат дараатай үйл явц болох нь хэмээн ойлгосон. Үүнийгээ тэрбээр алъянс хэмээн нэрийдсэн нь энэхүү интеграцид хамрагдах сургуулиудын статус өнөөдөртөө шууд өөрчлөгдөхгүй юм байна гэсэн ойлголт төрүүлж буй. Чухам үүнд үндэслэн бид одоо ажиллаж буй төслийн үндсэн алхмуудыг төлөвлөхөөр зорьж байна (үүнийг энд хавсаргасан танилцуулгад дэлгэрүүлэн илэрхийлсэн). Чингэхдээ мөн хувийн санаачлагчдын байгуулсан их сургуулиудыг ч судалгааны байгууллага болгоход дэмжлэг үзүүлэх бодлогын чиглэл, үйл ажиллагааг төлөвлөнө гэсэн ойлголттой байна. Энэ талаар шийдвэр гаргагчид, их сургуулийн олон нийтэд нэгдмэл ойлголт, байр суурийг бий болгож, хамтын хүчин чармайлтыг урамшуулан дэмжсэн шийдвэр гаргаваас Таны олонтаа уриалдаг “цэгцрэх” хөдөлгөөн эмхрэхэд ахиц гарах буйзаа.

Хэдийгээр их сургуулийн хүрээний л мэт боловч үнэндээ улс орны оюун санааны ертөнцөд нэн чухал гэж үзэж буй асуудлаар саналаа илэрхийлэхэд ийм байна. Ач холбогдол өгч, цагаа зарж уншсанд Тань баярлалаа.

Мэндчилсэн,

Р.Бат-Эрдэнэ

1 Comment on “Судалгааны их сургуулийн засаглал, үндсэн концепцийн талаар…”

Т.Цэндсүрэн

November 13, 2019
Reply

Их, дээд сургуулийн эрдэмтэн багш нараа, энэхүү захидлыг уншиж бодол оюунаа төвлөрүүлнэ үү. Уншдаг, шинжлэн судалдаг, нотолгоонд суурилж үр дүнд чиглэсэн “гарц” шийдлийг хайж, харж буй эрдэмтний үгийг сонсоно уу?

Leave a Reply