support@maed.mn

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН АКАДЕМИ

Доктор Ж.Сүхбаатар

Энэхүү илтгэлд монголын дээд боловсролын салбарыг тогтвортой хөгжүүлэхийн тулд шийдвэрлэвэл зохих санхүүжилтийн зарим асуудлыг тодорхойлж тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замыг олон улсын туршлага, онолын холбогдох концепцэд үндэслэн санал болгоно. Төрөөс дээд боловсролын талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход энэхүү илтгэлд тусгасан санал, зөвлөмж ихээхэн ач холбогдолтой болох юм.

Дээд боловсролын талаарх төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Их хурлын болон засгийн газрын гишүүд, БСШУСЯ-ны дарга, мэргэжилтнүүд энэхүү зөвлөлгөөнд оролцож байгаа учраас тэдний сонорт хүргэх цөөн хэдэн саналыг энэхүү илтгэлдээ тусгахыг эрмэлзсэн болно. Ийм учраас дэвшүүлж буй саналаа шууд илэрхийлэхийн хамт түүний үндсэлэлийг товч байдлаар хүргэж байгаа болно.

Эдгээр санал нь зүгээр ч нэг санааны үзүүрээс гараагүй, илтгэгчийн энэ салбарт насаараа ажиллаж, судалж, эргэцүүлж хуримтлуулсан мэдлэг, туршлага, олон улсын сайн жишээ, онолын зохих үзэл баримтлалд үндэслэсэн гэдгийг харгалзан өнөөгийн бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгохын тулд зайлшгүй авч үзэх хувилбар гэдгийг анхаарахыг хүсье. Хамгийн гол нь эдгээр саналыг ажил хэрэг болгох нь дээд боловсролын салбарын тогтворой хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр болно гэдэгт би итгэл төгс байна.

Санал 1: Төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааны зардлын 30-аас доошгүй хувийг улсын төсөвөөс санхүүжүүлж байх явдлыг хуульчлан хэрэгжүүлэх

Үндэслэл: УИХ-аас 2014 онд баталсан “Боловсролын талаар төрөөс баримтлах

бодлогод” 6.1 Төрийн өмчийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтыг үйлчилгээний стандарт, чанар, хүрэх үр дүнтэй уялдуулан тогтоох, шинэчлэх, боловсронгуй болгох гэж заасан байна. Бүх шатны болоьвсролын байгууллага гэж байгаа болохооор мэдээж дээд боловсрол үүнд хамрагдана. Одоогоор төрийн өмчийн их дээд сургуулиудын төсөвийн 95% нь сургалтын төлбөрөөс, өөрөөр хэлбэл улсын төсөвийн бус эх үүсвэрээс бүрдэж байна. Төрийн өмчийн нэртэй сургуулиуд үйл ажиллагааны хувьд хувийн сургуулиудаас ялгарахгүй, төрөөс ховорхон олгогдох хөрөнгө оруулалтаас өөр санхүүгийн дэмжлэг хүртэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд Монголын хамгийн том их сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэх, судалгааг нь чанаржуулах ямарч бодит боломж алга байна. 30%-ийн төсөвийн санхүүжилт нь төрийн өмчийн их сургулиудад эрдэмтэн багш нарынхаа цалин, хангамжийг өрсөлдөх хэмжээнд олгох, сургалтын төлбөрийг харьцангуй боломжийн түвшинд барьж сайн оюутан элсүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм.

Санал 2: Боловсролын зээлийн санг Дээд Боловсролын Хөгжлийн Сан болгож удирдлага, бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах

Үндэслэл: Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын хөгжлийн байгууллагууд энэ саналыг олон жил тавьж байгааг Монголын тал элдэв шалтаг хэлэн хүлээж авахгүй байсаар байгаа юм. Оюутанд дээд боловсрол эзэмшихэд төрөөс үзүүлэх санхүүгийн зээл, буцалтгүй тусламжийн асуудлыг төрийн байгууллага биш олон талын ороолцогч талуудын төлөөлөл бүхий удирдах зөвлөлтэй бие даасан сан шийдвэрлэх нь шударга, тогтвортой, оновчтой хэлбэр юм. АНУ-ын 50 муж бүхэнд дээд болосролын хөгжлийн сантай, тэр нь ямар нэг сайд, даргын үзэмжээр биш, удирдах зөвлөлөөр баталсан журмын дагуу оюутанд санхүүгийн тусламж дэмжлэгийг олгож байдаг юм. Дээд боловсролын хөгжлийн сан бий болсоноор энэ сан нь зээлийн эргэн төлөлт, хувь хүн, байгууллагын хандив, тусламж зэрэг олон эх үүсвэртэй болж, ДБСБ-д хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг санхүүжүүлэх боломжтой болох юм.

Санал 3: Ашгийн төлөө бус дээд боловсролын байгууллагад суралцагчдад үндэсний тэтгэлэг олгох явдлыг хуульчлан хэрэгжүүлэх

Үндэслэл: Дэлхийн олон оронд дээд боловсрол эзэмших нь зөвхөн хувь хүнд ашиг тусаа өгөөд зөгсөхгүй мөн нийгэмд ихээхэн ашиг тустай нийгмийн үйлчилгээ буюу “Social Good” гэдгийн хүлээн зөвшөөрөөд байна. Нийгэмд дээд боловсролтой хүний тоо их байх нь ажилгүйдэл, гэмт хэрэг гаралтыг бууруулдаг, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлдэг, сайн засаглалыг бүрдүүлдэг гэдгйиг олон тооны судалгаа нэгэнт батлаад байна. Дэлхий нийтээр хүний хүчин зүйл нь тогтвортой хөгжлийн хамгийн үнэ цэнэтэй капитал хэмээн үзэж хүний хөгжилд онцгой анхаарч байна. Монгол улсын холбогдох хуулиудад энэ асуудлыг тодорхой тусгасан боловч энэ нь практик үйл ажиллагаа болоогүй, тунхаглал хэлбэртэй олон жил байсаар байна. Үнэхээр Монгол улс хүний хөгжилд анхаарч байгаа бол иргэддээ дээд боловсрол эзэмшихэд тодорхой тусламж үзүүлэх хэрэгтэй. Ийм тусламжийн хамгийн боломжит хувилбар нь Үндэсний Тэтгэлэг юм. Энэ нь сурлагын амжилтаас хамаарахгүй, зөвхөн бакалаврын анхны зэрэг авах гэж сурч буй оюутнуудад олгогддог байвал зохино. Ганцхан хязгаарлалт нь Ашгийн төлөө ажилладаг их дээд сургууль юм. Дээд боловсролоор бизнес хийж, ашиг олж, хувьдаа жийп, хаус, олон тооны барилга байшинтай болж буй хувь хүн, аж ахуйн нэгжийг үндэсний тэтгэлгээр дэмжих шаардлага байхгүй.

Санал 3: Их, дээд сургуулийн судалгаа, шинжилгээний ажлаас олох орлогын хэмжээг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах

Үндэслэл: Өнөөгийн нөхцөлд төрийн өмчийн их сургууль 95%, хувийн хэвшлийн их, дээд сургууль 100% сургалтын төлбөрөөр санхүүжиж байна. Судалгаа шинжилгээний орлого нь дөнгөж 1-2 хувь байна. Гэтэл олон улсын практикаас үзэхэд их сургуулиуд төсөвийнхөө 30-50% -ийг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын орлогоор бүрдүүлж байна. Энэхүү орлогийн эх үүсвэрийг харахад улсын захиалгат судалгаа, судалгааны саналын өрсөлдөөнт санхүүжилт, судалгааны тэтгэлэг, хувийн сектор, төрийн бус байгууллагын захиалгат судалгаа гэх мэт олон төрлийн эх үүсвэртэй байна. Манайд эдгээр эх үүсвэрүүд дөнгөж хэлбэр төдий байгаа бөгөөд ихэнх тохиолдолд судалгааны орлого нь сургуулийнх биш судлаач хувь хүний нэмэгдэл орлого болж байна. Олон улсад нэгэнт тогтож хэвшсэн практикийг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын захиалга, сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтэнд нэвтрүүлэх иж бүрэн, цогц ага хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болжээ гэж үзэж байна.

Санал 4: Ахисан түвшний /мастер, докторын/ сургалтанд суралцаж буй оюутнуудад цалингийн доод хэмжээтэй тэнцэх стипенд олгох. Үүнтэй холбоотойгоор ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг ахисан түвшний сургалтанд элсүүлэхгүй болгох.

Үндэслэл: Монгол улсад ахисан түвшний буюу магистр, докторын зэрэг олгох сургалт дэлхий нийтийн жишгээс гажууд, буруу замаар явагдаж байна. Чанар нь муу, сургалт нь хэлбэр төдий, судалгаа нь хуулбарласан, судлаач нь шинжлэх ухааны судалгааны арга барилыг эзэмшиж чадалгүйгээр магистр, доктор болцгоож байна. Монголын ахисан түвшнийн сургалтанд багш нь ч, оюутан нь ч нэг нь сургасан болж, нөгөө нь сурсан болж ухамсартайгаар дүр үзүүлж байна. Гол шалтгаан нь ахисан түвшний сургалтанд суралцагсад бараг 100 хувь ажил, албатай хүмүүс юм. Ажилтай хүмүүс сургалтандаа зав чөлөө гаргаж чадахгүй, үүнээс болоод хүн төрөлхтний хуримтлуусан эрдмийн их сангаас хүртэж чадалгүй, чанартай судалгаа хийлгүй төгсөж байна. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Ахисан түвшинд суралцах хүмүүсийн дөнгөж 10 орчим хувьд нь ажилтай хүмүүс элсүүлэхийг зөвшөөрч бусад оюутнуудад янз бүрийн эх үүсвэрээс тэтгэлэг олгох хээгтэй байна. Ялангуя сургалтын төрийн сангаас ахисан түвшний оюутнуудад цалингийн доод хэмжээтэй тэнцэх стипенд олгох явдлыг шинээр хуульчлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Санал 5: Сургалтын зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр гэхдээ төрөөс тогтоосон хүү, баталгаатайгаар олгох

Үндэслэл: 2016 онд эхлэн Сургалтын төрийн санг Боловсролын зээлийн сан болгон зохион байгуулж төсөвийн эх үүсвэрээс оюутанд олгох урт, богино хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тэдний тавьсан болзол нөхцлийг хангасан оюутанд олгох болсон нь туйлийн буруу шийдвэр юм. Үүнээс болоод олон мянган оюутан зээл авч чадахгүйд хүрч төсөвийн мөнгийг арилжааны банкууд эргэлдүүлж ашиг олох болсон. Хэдийгээр Засгийн Газар энэ байдлыг өөрчилж зээлийг Боловсролын зээлийн сангаас олгохоор шийдэх гэж байгаа боловч энэ нь бүрэн төгс арга хэмжээ биш юм. Олон улсын практикаас үзэхэд оюутанд үзүүлэх зээл, тусламжаа засгийн газар дээд болвсролын сангаараа дамжуулан олгодог, дээр нь арилжааны банкны эх үүсвэрийг дайчлан оюутанд урт хугацааны зээл олгодог, үүний тулд төрөөс зөвхөн хүүгий зөруу, хөрөнгийн баталгаа зэрэг асуудлыг нь хариуцдаг байна. Яагаад ийм байдлаар асуудлыг шийдэж чадахгүй олон жил болж байгаад үнэхээр гайхмаар байна.

Санал 6: Сурлагын амжилт, орлогын түвшингээс хамаарсан тэтгэлгийг сэргээн боловсронгуй болгох

Үндэслэл: Үндсэн хууль болон боловсролын багц хуулиудад хүний боловсрол эзэмших тэгш эрхийг хангах тухай тусгагдсан байдаг. Гэхдээ бидний амьдарч буй зах зээлийн эдийн засаг буюу капитализмийн нөхцөлд хүний эрх тэгш биш байдал үүсэх нь үнэндээ зөвхөн орлогын зөрөө, баян, ядуугийн ялгаанаас үүдэлтэй байдаг. Төр харин тусгайлсан бодлогоор энэхүү ялгааг арилгаж, иргэд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээг тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх үүрэгтэй. Ийм учраас ядуу дорой болон амьжиргааны боломж муутай гэр бүлийн хүүхдүүд дээд боловсрол эзэмшихэд нь хэрэгтэй хэрэгцээнд нь нийцсэн тусламж, зээлийн хэлбэрүүдийг бий болгож байнга сайжруулан хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Анхаарч сонссон та бүхэнд талархал илэрхийлье.

Leave a Reply